Monday, February 15, 2021

Монголын улс төр намуудын засаглалын хохирогчид

        Монгол улсын түүхэнд анхны төрт улс болох Хүннү гүрнийг мэө 209 онд Модун Шаньюй өөрийн эцэг Түмэн Шаньюй-г хөнөөн Хүннүгийн 24 овог аймгуудыг нэгтгэн үүсгэн байгуулсан гэж арван жилийн Монголын түүхийн хичээлээр заадаг.

 

Төр гэж юу вэ?

Тэгвэл төр гэж яг юуг хэлдэг вэ гэдэг тодорхойлолтыг та бүхэнд сонирхуулья.

 “Нийгмийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, нийтлэд үйлчлэх шийдвэрийг гаргагч, албадлага, хүч хэрэглэх онцгой эрх бүхий засаглалын аппараттай, хууль ёс, уламжлал, зан заншлын дагуу олгогдсон эрх нь тухайн нутаг дэвсгэрийн хязгаарт гадны ямар ч хүчнээс үл хамааран заавал хэрэгжих хүчинтэй, нийгмийн өөрөө өөрийгөө зохион байгуулах илэрхийлэл болсон улс төр,нийгмийн институт юм. гэх тодорхойлолтоор төрийг илэрхийлдэг бол төр нь дараах зайлшгүй шинжийг өөртөө агуулсан байх ёстой юм.

Үүнд: 1. Ямарч хүн нийгмийн ямарч бүлэг төрд заавал харьяалагдана. Төр байх нь иргэнтэй байна. Иргэн байх нь төр байхын илрэл.

2. Төр түгээмэл шинжтэй. Тухайн орны хил хязгаар, нутаг дэвсгэр дээр оршин суугаа бүх хүмүүсийг захирах зохицуулах эрхийг эдлэнэ.

3. Төр албадлагын онцгой хэлбэр. Улс орны бүх байг-даас төр албан ёсоор албадлага хэрэглэх эрхтэй. Иймээс албадлагын тусгай аппараттай.

4. Төр нь бие даасан, бүрэн эрхт тусгаар байгууллага.

Төрийн салшгүй шинж чанар: газар нутаг, хүн ам, нийтлэг засаглал.

Төрийн нийтлэг үүрэг:

  • Тухайн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ
  • Төр өөрийн батласан хууль эрхзүйн хэм хэмжээнд болон түүгээр дэмжигдсэн ёс суртахууны хэм хэмжээнд тулгуурлан нийгмийн хэв ёсыг сахин хамгаалах үүрэгтэй
  • Улс орны ирээдүйн зорилгыг дэвшүүлж, хөгжлийг хангах үүрэгтэй
  • Төр иргэдийнхээ ашиг сонирхол, эрх ашгийг хүлээн авч хэрэгжүүлэх үүрэгтэй
  • Бусад улс оронтой хамтын ажиллагаагаа хөгжүүлж бэхжүүлэх үүрэгтэй.

Төрийг улс төрийн дэглэмээр нь ардчилсан, авторитар, тоталитар гэж ангилна.

 

Төр гэж юуг хэлэх талаар үндсэн ойлголт ийм байдаг бол манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд ардчилсан дэглэмтэй төрт улсын нэг болсон. Ардчилсан нийгэмд шилжсэнээр Монгол улсын төр барих бүрэн эрхийг бүх нийтийн сонгуулийн үр дүнд олонх болсон намд олгодог болсон билээ. Харин манай улсын том хоёр нам гэгдэх АН нам нь барууны үзэл баримтлалтай бол МАН нам нь зүүний үзэл баримтлалтай жлс төрийн хүчнүүд юм. Хэдийгээр манай улсад улс төрийн гуч гаруй нам хууль ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг ч 1990 оноос хойш АН болон МАН нам гэсэн хоёр том улс төрийн хүчин засгийн эрхийг ээлжлэн болон хамтран барьж ирсэн түүхтэй.

Үүнээс нэг зүйл ажиглабал дээрх хоёр намын аль нь олонх болно тухайн эрх барих бүрэн эрхийнх нь хүрээнд Монгол улсын төр зүүн ба барууны үзлийг шууд шингээж ирсэн байж болох талтай.

Эндээс эргээд харвал АН олонх болсон жилүүдэд юу болдог, МАН нам олонх болсон тохиолдлуудад юу болдог гэдгийг тухайн хоёр намын үзэл баримтлал дээр тулгуурлан авч үзэх ёстой болов уу.

 

Улс төрийн намын үзэл баримтлал, улс төрийн нам гэж юу вэ?

Улс төрийн нам гэдэг нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллагыг хэлнэ хэмээх нэгдсэн нэг тодорхойлолт бий. Мөн улсын төрийн намууд нь доорх үндсэн үүргийг хүлээнэ.

Үүнд: Нийгмийн үүрэг - иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлохыг эрмэлздэг бөгөөд тэдний хүсэл зоригоо илэрхийлэх арга замыг "зааж" өгөн тэдний шаардлагыг тодорхой зохих түвшинд гаргадаг (хурал, жагсаал, цуглаан зохион байгуулахаас эхлээд хувьсгалд уриалан дууддаг).

Үзэл суртлын үүрэг - нийт нийгмийн гишүүд болон өөрийн гишүүддээ улс төрийн тодорхой үзэл баримтлалыг (либералконсерватив, социал-демократ, фашисткоммунист гэх мэт) санал болгож итгэл үнэмшил болгосноор өөрсдийн боловсруулсан нийгмийн өөрчлөлтийн стратегиа дэмжүүлэх.

Улс төрийн үүрэг (Сонгуулийн үүрэг, Удирдлагын үүрэг) - төрийн сонгуульд оролцож засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах.

Ард түмний эрх ашигт нийцүүлэн ажиллах гэсэн үүргүүд багтдаг байна.

Манай улсын улс төрийн хоёр том намын нэг болох АН намын баримталдаг барууны үзэл суртал гэж юуг хэлдэг вэ гэвэл хүн ам, цагаачлалын чиглэлд хатуу бодлого баримтлах, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх бодлого баримтлах, язгуур хэл, соёл, уламжлалаа хадгалах, хамгаалах, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн ёс суртахууныг хангах, хадгалах, сүсэг бишрэл, үнэт зүйлээ дээдлэх, төрийн эрх мэдлийг хариуцлагатай болгох, ардчилал, хүн төрөлхтний эв санааны нэгдлийг хангах зэрэг болно. Үүнээс онцлууштай нь чөлөөт эдийн засгийн бодлого буюу эдийн засаг дах төрийн оролцоог  багасгах үзэл баримталдаг нь барууны үзэл баримталдаг намуудын онцлог хамгийн чухал үзэл баримтлалын нэг юм.

Эдийн засагт төр хэт их оролцох нь улсын хөгжлийг хойш татдаг гэж үздэг хэсэг бүлэг байхад төр эдийн засагт оролцох оролцоогоо нэмэгдүүлснээр нийгмийн баялагийг тэгш хувиарлах боломжтой болдог гэж үзэх хэсэг бүлэг нь ч бий. Эдгээр улс төрийн намуудын үзэл баримтлалын зөрчилдөөн дунд хохирох хэсэг бүлэг нь баялаг бүтээгчид болоод тодорхой цаг хугацааг үдэж байна гэхэд хилсдэхгүй болов уу.

Учир нь юу вэ гэхээр одоогийн байдлаар төрийн эрх барьж буй МАН намын зүүний үзэл баримтлал нь хүнийг ялгаварлан гадуурхах явдлыг тэвчих, баян, хоосны ялгааг арилгах, олон ургальч байдал, олон тулгуурт төрийн зохицуулалтыг бий болгох, жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, эдийн засгийн эрх тэгш байдлыг чухалчлах, хөдөлмөрийн хөлс, ажлын байрны нөхцөлийг дээшлүүлж, ажилгүйдлийг багасгах, бүх нийтийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн нэгдсэн үнэ төлбөргүй тогтолцоо бий болгож, нийгмийн эмзэг давхаргад төр, олон нийтийн зүгээс үзүүлэх дэмжлэгийг чиглүүлэх, хүн амын орлогын төлөвт нийцүүлж уян хатан татварын бодлого явуулах зэрэг боловч хамгийн гол нь нийгмийн эрх тэгш байдлыг хангаж, доод давхаргын амьдралыг дээшлүүлэхэд чиглэдэг .

Доод давхрагын амьжиргааг дээшлүүлэх арга барил нь баялагийг тэгш хувиарлах буюу төр татварыг нэмэгдүүлж хуримтлуулсан хөрөнгөөрөө нийгмийн доод давхаргыг халамжаар тэтгэхэд чиглэдэг. Үүнийг илтгэх хамгийн энгийн жишээ дурдахад 2021оны төсөвт 1.65 их наяд төгрөгийг 2655200 хүнд олгохоор тусгасан байдлаас харж болох юм. Энэ манай улсын гурван хүн тутмын хоёр нь ямар нэгэн халамжийг төрөөс авдаг гэсэн үг юм.

Хэт их халамжийн бодлого баримтлах нь доод давхрагын амьжиргааг дээшлүүлэх биш харин эсэргээрээ амьжиргааг нь доройтуулж байна гэж үзэгчид цөөнгүй. Энэ үзлийг нь ч буруутгах аргагүй болгодог хэрэг явдлууд манай улсын өнөөгийн нийгэмд цөөнгүй тохиолддог. Сүүлийн жилүүдэд ажил олгогчдод тулгамдах болсон нэг шалтгаан юу вэ гэхээр ажиллах хүчний хомсдолд өртөх болсон шалтгаан юм. Гэтэл манай улсын тулгамдсан асуудлын нэг бол ажилгүйдэл юм. 2020онд 68 мянга гаруй иргэд шинээр ажилгүй иргэдийн бүртгэлд бүртгүүлсэн тоон статистик мэдээ гарсан байна.

Тэгвэл ажилгүйдэл нэмэгдэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг хэдий ч төр чөлөөт эдийн засгийг үгүйсгэн эпийн засагт оролцох оролцоогоо нэмэгдүүлснээр энэ нь өөрөө эргээд ажилгүйдлийг нэмэгдүүлэх шалтгаан болж байна гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байдаг. Ажил олгогчдийг татварын дарамтад оруулах тусам ажил олгогчид ажлын байраа цомхтгохоос өөр аргагүйд хүрдэг бол олон арван халамжийн бодлого байгалийн баялгийн ашиг хувиарлах бодлого нь иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож төрийн гар харсан ажил хийх сонирхолгүй иргэдийн тоог нэмэгдүүлж байх талтай гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

Зүүний үзэл баримтлалтай нам засаг барих үед татвар нэмэгдүүлж баялгийг тэгш хувиарлах гэсэн бодлого хэрэгждэг бол барууны үзэл баримтлалтай нам засаг барих үед татварыг хөнгөлж хувийн өмчтэй иргэдийг олшруулах бодлого хэрэгждэг эрс тэс өөр засаглалын бодолгын золиос нь ард иргэд төдийгүй баялаг бүтээгчид болж байгаагийн тод илрэл нь манай улсын өнөөгийн нийгэм билээ.

No comments:

Post a Comment

Бид ч гэсэн хүн

  Бид ч гэсэн хүн   Шадар сайд С.Амарсайханы гэргий нэвтрүүлэгч Ичинхорлоо ХӨСҮТ-д ээж аавыгаа асарна гэж ороод өдөртөө буцаад гарсан ту...