Хаанаас ч юм туслаарай (авраарай) гэж хэн нэгний амь тэмцэн орилох чимээ сонсогдвол хамгийн түрүүнд та ямар үйлдэл хийх бол.
Хүчирхийллээр асуудлыг шийдэх нь буруу гэж боддог хүмүүс
тэрхүү тусламж эрэн орилох чимээ гарах зүг рүү яаран сандран гүйх болов уу. Та
ч гэсэн тэдгээр хүмүүс шиг хүчирхийллийн хажуугаар үг дуугүй өнгөрч явдаг хувиа
хичээсэн зантай хүн битгий байгаарай. Магадгүй та өөрт үүсэж болох аливаа
асуудлаас сэрэмжлэн хүчирхийллийг харсаар байж дуугүй өнгөрүүлснээс чинь болж
нэг бяцхан зүрх цохилохоо болих, нэг бяцхан сэтгэл айдас дунд цөхрөн шаналж
хоцорч байгаа гэдгийг битгий мартаарай. Сүүлийн үед манай улсад хүчирхийллийн
хохирогчид нь өөрийгөө хамгаалж чадахгүй хүүхдүүд болоод бүсгүйчүүд хүүхнүүд
болсоор энэ төрлийн гэмт хэрэг улам нэмэгдсээр байна.
Технологи хөгжиж хүн бүр ухаалаг утас барьж сошиал хэрэглэгчдийн
тоогоороо дэлхийд тэргүүлэх улсын тоонд орох болсон нь хүчирхийллийн талаарх мэдээ
мэдээлэл нийтэд хүрч энэ тоо баримт өсөж байна гэх хүмүүс цөөнгүй. Тэгвэл далд
байсан зүйлс ил болно гэдэг сайн хэрэг. Асуудал хүний нүднээс хол байх тусам эерэгээр
шийдэгдэх нь муу байдаг бол асуудал нийтэд хүрэх тусам нийтээрээ уг асуудалд
анхаарал хандуулж уг асуудлыг шийдвэрлэх аливаа аргуудыг судалж эхэлдэг. Манай
улсын хувьд сүүлийн хэдэн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд анхаарлаа
хандуулж гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиа шинэчлэн баталж, гэр бүлийн
хүчирхийллийг тасалан зогсоох талаар нийгэмд кино контенд бэлтгэн нийлүүлэх,
гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг сурталчилан таниулах зэрэг маш олон арга
хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай хэдий ч санасан үр дүнгээ бий
болгож чадаагүй л байна. Тийм ч учраас гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход
уншигч таны ч үүрэг чухал юм.
Харин та аливаа хүчирхийллийн хажуугаар үг дуугүй өнгөрөхгүй байхаас авахуулаад өөрөө ч хүчирхийллээр асуудлыг шийдэхээс татгалзаж сурах хэрэгтэй юм.
Угаас хүн төрөлхтний
түүхэнд аливаа асуудлыг хүчирхийллээр шийдээд амжилтад хүрч байсан нэг ч
тохиолдол байхгүй гэхэд хилсдэхгүй.
Хүн гэдэг энэ дэлхий дээр амьдарч буй амьтад дундаасаа
хамгийн өрөвч энэрэнгүй нэгэн байж чаддаг болов уу. Оюун ухаан сэтгэн бодох
чадавхиараа дэлхий дээрх ан амьтад дундаасаа хүн төрөлхтөн ялгарах хэдий ч
магадгүй хамгийн харгис үйлдлүүд хүн төрөлхтнөөс гарч байсан баримтууд их бий.
Дайн дажины үеэр хэрцгийгээр амиа алдсан хийгээд тамлан
зовоогдсон, хүчирхийллийн хохирогч болж байсныг гэрчлэх хар мянган баримтуудыг
бид мэднэ.
Хүн төрөлхтөн шинжлэх ухааны ололт амжилтаа дагаад илүү
хурдацтай хөгжиж, илүү ухаалаг болж байгаа хэдий ч нөгөө талдаа хүнлэг
энэрэнгүй байх шинж чанараа гээгдүүлж байхыг үгүйсгэх аргагүй. Үүнийг нотлох
хамгийн энгийн жишээ бол хүүхдийн хүчирхийлэл тэр дундаа бэлгийн мөлжлөг, оюун
санаа бие махбодийн хүчирхийлэл дэлхий дахинаа газар авч хүн төрөлхтний өмнө
нэгэн том зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлын нэг болоод байна.
Энэ хорвоогийн хамгийн сайхан аялгуу гэвэл энхрий бяцхан
үрсийн инээлдэх чимээ гэдэгтэй санал зөрөх хүн нэгээхэн ч үгүй. Тэгвэл
эсэргээрээ энэ хорвоогийн хамгийн муухай чимээ бол цөхрөнгөө барж харуусал
гомдол тээн орилох бяцхан үрсийн уйлах чимээ мөнөөсөө мөн.
Хүний нийгэм өөрчлөгдөх тусам хөгжлийн явцаа дагаад
хүүхдийг хүмүүжүүлэх арга барил ч өөрчлөгдөж буйг гэр бүлийн сэтгэл судлаачид
болоод хүүхдийн эрхийн байгуулгын мэргэжилтнүүд хэлж ярьж, заавар зөвлөгөөгөө
өгсөөр байна.
Харин манай улсын хувьд хүүхдийн гэр бүлийн хүмүүжлийн
тал дээр уламжлалт сэтгэлгээгээрээ хандаж байгаа нь хүүхдийн хүчирхийллийн
үндэс болж байж ч мэдэх юм.
Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг эцэг эхийн хувьд асар их
үүрэг хариуцлага гэдгийг гэр бүл болох гэж төлөвлөж эхлэхээсээ л ой тойндоо
ортол ухамсарлах хэрэгтэй юм.
Хооллож ундлаад, өмсөх хувцас, тоглох тоглоом авч өгснөөр
эцэг эхийнхээ үүргийг биелүүчихэж байна гэж та хэрвээ бодож байвал энэ бодол
чинь дэндүү өрөөсгөл юм.
Эцэг эхтэйгээ ойр байж хамтдаа тоглож, ярилцдаг хүүхдүүд
илүү ухаалаг, сэтгэн бодох чадвар сайтай байдгийг эрдэмтэд судлан тогтоожээ.
Хүүхэдтэйгээ яаж харьцана хүүхэд тань тийм л хүн болж
өснө гэдгийг мартаж болохгүй. Хүчирхийлэл нь хүчирхийлэгчийг бий болгодог
гэдэг.
Хүчирхийллийг таслан зогсооё гэвэл хүчирхийллийг удамшуулахгүй байх хэрэгтэй.
Эцэг эх чинь таныг цохиж, зодож шийтгэж байсан нь буруудсан юм алга гэж бодох хүмүүс цөөнгүй. Гэвч таны хүмүүжилд сөргөөр нөлөөлөөгүй гээд та хүүхдээ тэгж хүмүүжүүлэх ёстой гэсэн үг биш юм.
Нийгэм солигдож шинэ эрин үе хэдийнээ хүч түрэн орж ирсэн
өнөөгийн нийгэмд тохирсон хүүхэд хүмүүжүүлэх аргууд бий гэдгийг мартаж
болохгүй. Илүү ихээр хүүхдүүдтэй ярилцаж асуудлыг ойлгуулах, өөрийн хайраа
хүүхдүүддээ ойлггуулж ухааруулах, жижиг зүйлс ч ямар их чухал болохыг таниулж
мэдүүлэх, их бага гэлтгүй гэрийн ажил хийлгэх зэргээр хүүхдийг зөв хандлагатай
зөв хүн болгож өсгөх маш олон арга бий гэдгийг эдгээр аргууд хүүхдийн хүмүүжил
цаашлаад хөгжилд эерэгээр нөлөөлж байгааг эрдэмтэн судлаачид олж тогтоосон
байдаг.
Хүчирхийллийг удамшуулдаг биш хүчирхийллийг тэвчдэггүй
хүн байж хүүхдийнхээ хүмүүжлээр ирээдүйд эерэг нийгмийг бүтээцгээе хүмүүсээ.
Нийтлэлч: Г.Энхбаясгалан
No comments:
Post a Comment