Монгол улсад коронавирусын батлагдсан тохиолдол 712 болж үүнээс 345 хүн эдгэрч, 360 хүн эмчилүүлж байгаа бол 7 хүн сайн дураараа нутаг буцсан байна. Энэ бол 2020 оны 11дүгээр сарын 26-ний өдрийн дараах тоон статистик мэдээ юм.
Дэлхий дахиныг хамраад буй коронавирус буюу цар тахлыг манай улс дотооддоо алдаж улмаар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд энэ сарын 12-ны өдөр шилжиж улмаар УОК -ын хөл хориог 12 сарын 1-ий өдрийг дуустал сунгах тухай шийдвэрийг Монгол улсын засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжиж эцэслэн шийдвэрлэсэн билээ.
Коронавирусыг дотооддоо алдахаас өмнө манай улс өнгөрөгч арван сарын турш хилээ хааж цар тахлын аюулаас өөрсдийгөө хамгаалж ирсэн ч ЭНХСАРАН сувилалд тусгаарлагдаж байсан жолооч "Д"-н тусгаарлагдах хугацаа дуусаж тусгаарлалтаас гарснаас хойш давтан шинжилгээгээр коронавирус илэрч улмаар манай улсад дотооддоо алдсан анхны тохиолдол бүртгэгдсэн билээ.
Хэдийгээр жолооч "Д"-н бүх хавьтагчдийг хурдан шуурхай илрүүлж тусгаарлах арга хэмжээ авч ажиллласан ч Сэлэнгэ аймагт уг вирус голомтлон тархаж одоогоор манай улсад Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр Дорноговь зэрэг нийслэл хот болоод дээрх аймгуудад халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
"ЭНХСАРАН" сувилалаас вирус алдсантай холбогдуулж уг тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллуулж байсан албан хаагчдыг хариуцлага алдснаас уг вирусыг дотооддоо алдсан хэмээн хариуцлагад татаж холбогдох хууль хүчний байгуулагынхан хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэвч энэ асуудал хэдхэн албан хаагчдад хариуцлага тооцсоноор дуусах асуудал биш юм.
Бид өнгөрсөн арван сарын турш хилээ хааж дотооддоо хөл хорионы дэглэм мөрдөж байсан нь ямар ч үр дүнгүй зүйл болон хувирч байгаа бөгөөд энэхүү хугацаанд засгийн газраас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүд зөв зохистой байсан уу гэдгийг иргэн бүр дотроо тунгаан бодох хэрэгтэй болов уу.
Коронавирусын дэгдэлттэй уялдуулан засгийн газраас ирэх оны төсвийг батлуулахаар УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд уг төсөв нь 2.1 их наяад төгрөгийн алдагдалтай батлагдах тул уг төсөвт Монгол улсын ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавиад байгаа юм.
Ирэх оны төсөв эрх баригч намын гишүүд хийгээд сөрөг хүчнийхний эсэргүүцэлтэй тулгарч эдийн засагчид уг төсвийг "онц байдлын үеийн онцлогт" нийцээгүй хэтэрхий алдагдалтай үр ашиггүй бүтээн байгуулалт олноор бүтээн байгуулахаар уг төсөвт суулгасан нь маш том алдаа хэмээн эсэргүүцэж байгаа хэдий ч засгийн газраас цар тахалтай холбогдуулан эдийн засгаа хумьж болохгүй гэх байр сууринаасаа буцалгүй уг төсвийг батлуулахаар УИХ-д өргөн барьсан юм.
Өнгөрсөн арван сарын хугацаанд үр ашиггүй бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулж байсан ч Монгол улсын засгийн газар шинээр стандартад нийцсэн нэг ч тусгаарлах байр барихад хөрөнгө гаргах нь бүү хэл ийм санаачлага ч гаргаагүй нь өнөөдрийн энэ байдалд хүргэсэн буруу алхам байж ч болох юм. Манай улс вирус анх хөрш зэргэлдээ улсуудад тархаж эхлэх үеэс л хамгийн эрсдэлтэй улс орнуудын нэгд тооцогдож ирсэн ч хилээ хааж гадаадаас ирэх хүсэлтэй иргэдээ татан авах асуудал дээр дотооддоо вирус алдах эрсдэлтэй гэж шалтаглан хойрго хандаж ирсэн ч асуудлаа шийдэх өөр гарц эрэлхийлж асуудалд бэлэн байх бэлтгэлээ хангаж чадаагүйгээрээ өнөөгийн засгийн газар албан ёсоор ард түмнээсээ уучлал гуйх ёстой болов уу.
Үр өгөөжийг нь шууд хүртэх боломжгүй музей болоод Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой баригдаж буй тэрбум тэрбумын өртөгтэй бүтээн байгуулалт хийгээд 3.2 тэрбумаар төв талбайдаа барьсан зөөврийн усан оргилуур зэрэг бүтээн байгуулалтаа хойшлуулж улсад хамгийн ихээр хэрэгтэй байсан зориулалтын тусгаарлах байр болоод эмнэлэг барихад уг хөрөнгө мөнгөө хэрэглэсэн бол бидэнд энэ цар тахлыг даван туулахад хамгаас илүү хэрэг болох байсан биз ээ.
1000 гаруй орны нөөцтэй манай улсын хувьд хүн амынх нь тал хувь нь улсынхаа нийслэлд оршин суудаг бөгөөд энэхүү цар тахлыг даруй хумьж авахгүй бол эмчилгээний хүрэлцээнээс авахуулаад олон олон асуудлуудтай нүүр тулж болзошгүй юм. Хэдийгээр хөл хорио тогтоогоод байгаа ч хөл хорионоос үүдэх эдийн засгийн алдагдал багагүй байгаа бөгөөд цаашид энэхүү хөл хориог хэдий удаан хугацаанд үргэлжүүлэх эсэхээс хамаарч манай улсын эдийн засагт хэр их хор хохирол учрахыг таамаглах аргагүй юм. Үүгээр ч тогтохгүй энэхүү хөл хорио эмзэг бүлгийн ард иргэд болоод жижиглэнгийн наймаа болоод зах дээр тэрэг түрдэг зэрэг ажил хөдөлмөр эрхэлж хоногийн хоолоо залгуулдаг ард иргэдэд хүндээр туссаар байна. Мөн хөл хориотой холбогдох өөр бусад асуудлууд ч ар араасаа урган гарсаар байна. Үүний нэг нь гэр бүлийн хүчирхийлэл өсөх хандлагатай байгаа яюдал юм.
Хэдийгээр цар тахлыг даван туулахад ард иргэд болоод ААН-ээ дэмжихээр засгийн газраас арга хэмжээ авч ажилласаар байгаа ч хэдий болтол асуудлыг хүндрүүлэлгүй тогтоон барьж чадах вэ, хөл хорио тогтоосон хугацаанд уг вирусыг тархалтыг хумьж чадах уу гэдгээс хамаарч цаашлаад хөл хориогоо цуцалж вирустай зохицож амьдрах уу энэ чигтээ эцсээ хүртэл хөл хориогоо үргэлжүүлэх үү гэдэг сонголтын өмнө засгийн газар тулж очих нь гарцаагүй явдал юм.
Өнгөрсөн хилээ хаасан арван сараа үр ашиггүй өнгөрүүлснийхээ горыг хор хохирол багатай туулж гарах гарцыг олоосой хэмээн ард түмэн чинь залибаран суугаа шүү.
Нийтлэлч:Г.Энхбаясгалан
No comments:
Post a Comment