Wednesday, November 25, 2020

Ашгаа өгөөгүй арван сар

Монгол улсад коронавирусын батлагдсан тохиолдол 712 болж үүнээс 345 хүн эдгэрч, 360 хүн эмчилүүлж байгаа бол 7 хүн сайн дураараа нутаг буцсан байна. Энэ бол 2020 оны 11дүгээр сарын 26-ний өдрийн дараах тоон статистик мэдээ юм. 

Дэлхий дахиныг хамраад буй коронавирус буюу цар тахлыг манай улс дотооддоо алдаж улмаар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд энэ сарын 12-ны өдөр шилжиж улмаар УОК  -ын хөл хориог 12 сарын 1-ий өдрийг дуустал сунгах тухай шийдвэрийг Монгол улсын засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжиж эцэслэн шийдвэрлэсэн билээ. 

Коронавирусыг дотооддоо алдахаас өмнө манай улс өнгөрөгч арван сарын турш хилээ хааж цар тахлын аюулаас өөрсдийгөө хамгаалж ирсэн ч ЭНХСАРАН сувилалд тусгаарлагдаж байсан жолооч "Д"-н тусгаарлагдах хугацаа дуусаж тусгаарлалтаас гарснаас хойш давтан шинжилгээгээр коронавирус илэрч улмаар манай улсад дотооддоо алдсан анхны тохиолдол бүртгэгдсэн билээ.

Хэдийгээр жолооч "Д"-н бүх хавьтагчдийг хурдан шуурхай илрүүлж тусгаарлах арга хэмжээ авч ажиллласан ч Сэлэнгэ аймагт уг вирус голомтлон тархаж одоогоор манай улсад Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр Дорноговь зэрэг нийслэл хот болоод дээрх аймгуудад халдварын тохиолдол бүртгэгдээд байна.



"ЭНХСАРАН" сувилалаас вирус алдсантай холбогдуулж уг тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллуулж байсан албан хаагчдыг хариуцлага алдснаас уг вирусыг дотооддоо алдсан хэмээн хариуцлагад татаж холбогдох хууль хүчний байгуулагынхан хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэвч энэ асуудал хэдхэн албан хаагчдад хариуцлага тооцсоноор дуусах асуудал биш юм.

Бид өнгөрсөн арван сарын турш хилээ хааж дотооддоо хөл хорионы дэглэм мөрдөж байсан нь ямар ч үр дүнгүй зүйл болон хувирч байгаа бөгөөд энэхүү хугацаанд засгийн газраас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүд зөв зохистой байсан уу гэдгийг иргэн бүр дотроо тунгаан бодох хэрэгтэй болов уу.


Коронавирусын дэгдэлттэй уялдуулан засгийн газраас ирэх оны төсвийг батлуулахаар УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд уг төсөв нь 2.1 их наяад төгрөгийн алдагдалтай батлагдах тул уг төсөвт Монгол улсын ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавиад байгаа юм.

Ирэх оны төсөв эрх баригч намын гишүүд хийгээд сөрөг хүчнийхний эсэргүүцэлтэй тулгарч эдийн засагчид уг төсвийг "онц байдлын үеийн онцлогт" нийцээгүй хэтэрхий алдагдалтай үр ашиггүй бүтээн байгуулалт олноор бүтээн байгуулахаар уг төсөвт суулгасан нь маш том алдаа хэмээн эсэргүүцэж байгаа хэдий ч засгийн газраас цар тахалтай холбогдуулан эдийн засгаа хумьж болохгүй гэх байр сууринаасаа буцалгүй уг төсвийг батлуулахаар УИХ-д өргөн барьсан юм.

Өнгөрсөн арван сарын хугацаанд үр ашиггүй бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулж байсан ч Монгол улсын засгийн газар шинээр стандартад нийцсэн нэг ч тусгаарлах байр барихад хөрөнгө гаргах нь бүү хэл ийм санаачлага ч гаргаагүй нь өнөөдрийн энэ байдалд хүргэсэн буруу алхам байж ч болох юм. Манай улс вирус анх хөрш зэргэлдээ улсуудад тархаж эхлэх үеэс л хамгийн эрсдэлтэй улс орнуудын нэгд тооцогдож ирсэн ч хилээ хааж гадаадаас ирэх хүсэлтэй иргэдээ татан авах асуудал дээр дотооддоо вирус алдах эрсдэлтэй гэж шалтаглан хойрго хандаж ирсэн ч асуудлаа шийдэх өөр гарц эрэлхийлж асуудалд бэлэн байх бэлтгэлээ хангаж чадаагүйгээрээ өнөөгийн засгийн газар албан ёсоор ард түмнээсээ уучлал гуйх ёстой болов уу.

Үр өгөөжийг нь шууд хүртэх боломжгүй музей болоод Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой баригдаж буй тэрбум тэрбумын өртөгтэй бүтээн байгуулалт хийгээд 3.2 тэрбумаар төв талбайдаа барьсан зөөврийн усан оргилуур зэрэг бүтээн байгуулалтаа хойшлуулж улсад хамгийн ихээр хэрэгтэй байсан зориулалтын тусгаарлах байр болоод эмнэлэг барихад уг хөрөнгө мөнгөө хэрэглэсэн бол бидэнд энэ цар тахлыг даван туулахад хамгаас илүү хэрэг болох байсан биз ээ.

1000 гаруй орны нөөцтэй манай улсын хувьд хүн амынх нь тал хувь нь улсынхаа нийслэлд оршин суудаг бөгөөд энэхүү цар тахлыг даруй хумьж авахгүй бол эмчилгээний хүрэлцээнээс авахуулаад олон олон асуудлуудтай нүүр тулж болзошгүй юм. Хэдийгээр хөл хорио тогтоогоод байгаа ч хөл хорионоос үүдэх эдийн засгийн алдагдал багагүй байгаа бөгөөд цаашид энэхүү хөл хориог хэдий удаан хугацаанд үргэлжүүлэх эсэхээс хамаарч манай улсын эдийн засагт хэр их хор хохирол учрахыг таамаглах аргагүй юм. Үүгээр ч тогтохгүй энэхүү хөл хорио эмзэг бүлгийн ард иргэд болоод жижиглэнгийн наймаа болоод зах дээр тэрэг түрдэг зэрэг ажил хөдөлмөр эрхэлж хоногийн хоолоо залгуулдаг ард иргэдэд хүндээр туссаар  байна. Мөн хөл хориотой холбогдох өөр бусад асуудлууд ч ар араасаа урган гарсаар байна. Үүний нэг нь гэр бүлийн хүчирхийлэл өсөх хандлагатай байгаа яюдал юм.



Хэдийгээр цар тахлыг даван туулахад ард иргэд болоод ААН-ээ дэмжихээр засгийн газраас арга хэмжээ авч ажилласаар байгаа ч хэдий болтол асуудлыг хүндрүүлэлгүй тогтоон барьж чадах вэ, хөл хорио тогтоосон хугацаанд уг вирусыг тархалтыг хумьж чадах уу гэдгээс хамаарч цаашлаад хөл хориогоо цуцалж вирустай зохицож амьдрах уу энэ чигтээ эцсээ хүртэл хөл хориогоо үргэлжүүлэх үү гэдэг сонголтын өмнө засгийн газар тулж очих нь гарцаагүй явдал юм.

Өнгөрсөн хилээ хаасан арван сараа үр ашиггүй өнгөрүүлснийхээ горыг хор хохирол багатай туулж гарах гарцыг олоосой хэмээн ард түмэн чинь залибаран суугаа шүү.


                                                                                        Нийтлэлч:Г.Энхбаясгалан

Friday, November 20, 2020

Хүн бай

     

Хаанаас ч юм туслаарай (авраарай) гэж  хэн нэгний амь тэмцэн орилох чимээ сонсогдвол хамгийн түрүүнд та ямар үйлдэл хийх бол.

Хүчирхийллээр асуудлыг шийдэх нь буруу гэж боддог хүмүүс тэрхүү тусламж эрэн орилох чимээ гарах зүг рүү яаран сандран гүйх болов уу. Та ч гэсэн тэдгээр хүмүүс шиг хүчирхийллийн хажуугаар үг дуугүй өнгөрч явдаг хувиа хичээсэн зантай хүн битгий байгаарай. Магадгүй та өөрт үүсэж болох аливаа асуудлаас сэрэмжлэн хүчирхийллийг харсаар байж дуугүй өнгөрүүлснээс чинь болж нэг бяцхан зүрх цохилохоо болих, нэг бяцхан сэтгэл айдас дунд цөхрөн шаналж хоцорч байгаа гэдгийг битгий мартаарай. Сүүлийн үед манай улсад хүчирхийллийн хохирогчид нь өөрийгөө хамгаалж чадахгүй хүүхдүүд болоод бүсгүйчүүд хүүхнүүд болсоор энэ төрлийн гэмт хэрэг улам нэмэгдсээр байна.

Технологи хөгжиж хүн бүр ухаалаг утас барьж сошиал хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд тэргүүлэх улсын тоонд орох болсон нь хүчирхийллийн талаарх мэдээ мэдээлэл нийтэд хүрч энэ тоо баримт өсөж байна гэх хүмүүс цөөнгүй. Тэгвэл далд байсан зүйлс ил болно гэдэг сайн хэрэг. Асуудал хүний нүднээс хол байх тусам эерэгээр шийдэгдэх нь муу байдаг бол асуудал нийтэд хүрэх тусам нийтээрээ уг асуудалд анхаарал хандуулж уг асуудлыг шийдвэрлэх аливаа аргуудыг судалж эхэлдэг. Манай улсын хувьд сүүлийн хэдэн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд анхаарлаа хандуулж гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиа шинэчлэн баталж, гэр бүлийн хүчирхийллийг тасалан зогсоох талаар нийгэмд кино контенд бэлтгэн нийлүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг сурталчилан таниулах зэрэг маш олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай хэдий ч санасан үр дүнгээ бий болгож чадаагүй л байна. Тийм ч учраас гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход уншигч таны ч үүрэг чухал юм.

Харин та аливаа хүчирхийллийн хажуугаар үг дуугүй өнгөрөхгүй байхаас авахуулаад өөрөө ч хүчирхийллээр асуудлыг шийдэхээс татгалзаж сурах хэрэгтэй юм.


 Угаас хүн төрөлхтний түүхэнд аливаа асуудлыг хүчирхийллээр шийдээд амжилтад хүрч байсан нэг ч тохиолдол байхгүй гэхэд хилсдэхгүй.

Хүн гэдэг энэ дэлхий дээр амьдарч буй амьтад дундаасаа хамгийн өрөвч энэрэнгүй нэгэн байж чаддаг болов уу. Оюун ухаан сэтгэн бодох чадавхиараа дэлхий дээрх ан амьтад дундаасаа хүн төрөлхтөн ялгарах хэдий ч магадгүй хамгийн харгис үйлдлүүд хүн төрөлхтнөөс гарч байсан баримтууд их бий.

Дайн дажины үеэр хэрцгийгээр амиа алдсан хийгээд тамлан зовоогдсон, хүчирхийллийн хохирогч болж байсныг гэрчлэх хар мянган баримтуудыг бид мэднэ.

Хүн төрөлхтөн шинжлэх ухааны ололт амжилтаа дагаад илүү хурдацтай хөгжиж, илүү ухаалаг болж байгаа хэдий ч нөгөө талдаа хүнлэг энэрэнгүй байх шинж чанараа гээгдүүлж байхыг үгүйсгэх аргагүй. Үүнийг нотлох хамгийн энгийн жишээ бол хүүхдийн хүчирхийлэл тэр дундаа бэлгийн мөлжлөг, оюун санаа бие махбодийн хүчирхийлэл дэлхий дахинаа газар авч хүн төрөлхтний өмнө нэгэн том зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлын нэг болоод байна.

Энэ хорвоогийн хамгийн сайхан аялгуу гэвэл энхрий бяцхан үрсийн инээлдэх чимээ гэдэгтэй санал зөрөх хүн нэгээхэн ч үгүй. Тэгвэл эсэргээрээ энэ хорвоогийн хамгийн муухай чимээ бол цөхрөнгөө барж харуусал гомдол тээн орилох бяцхан үрсийн уйлах чимээ мөнөөсөө мөн.

Хүний нийгэм өөрчлөгдөх тусам хөгжлийн явцаа дагаад хүүхдийг хүмүүжүүлэх арга барил ч өөрчлөгдөж буйг гэр бүлийн сэтгэл судлаачид болоод хүүхдийн эрхийн байгуулгын мэргэжилтнүүд хэлж ярьж, заавар зөвлөгөөгөө өгсөөр байна.

Харин манай улсын хувьд хүүхдийн гэр бүлийн хүмүүжлийн тал дээр уламжлалт сэтгэлгээгээрээ хандаж байгаа нь хүүхдийн хүчирхийллийн үндэс болж байж ч мэдэх юм.

Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг эцэг эхийн хувьд асар их үүрэг хариуцлага гэдгийг гэр бүл болох гэж төлөвлөж эхлэхээсээ л ой тойндоо ортол ухамсарлах хэрэгтэй юм.

Хооллож ундлаад, өмсөх хувцас, тоглох тоглоом авч өгснөөр эцэг эхийнхээ үүргийг биелүүчихэж байна гэж та хэрвээ бодож байвал энэ бодол чинь дэндүү өрөөсгөл юм.

Эцэг эхтэйгээ ойр байж хамтдаа тоглож, ярилцдаг хүүхдүүд илүү ухаалаг, сэтгэн бодох чадвар сайтай байдгийг эрдэмтэд судлан тогтоожээ.

Хүүхэдтэйгээ яаж харьцана хүүхэд тань тийм л хүн болж өснө гэдгийг мартаж болохгүй. Хүчирхийлэл нь хүчирхийлэгчийг бий болгодог гэдэг.

Хүчирхийллийг таслан зогсооё гэвэл хүчирхийллийг удамшуулахгүй байх хэрэгтэй.


Эцэг эх чинь таныг цохиж, зодож шийтгэж байсан нь буруудсан юм алга гэж бодох хүмүүс цөөнгүй. Гэвч таны хүмүүжилд сөргөөр нөлөөлөөгүй гээд та хүүхдээ тэгж хүмүүжүүлэх ёстой гэсэн үг биш юм.

Нийгэм солигдож шинэ эрин үе хэдийнээ хүч түрэн орж ирсэн өнөөгийн нийгэмд тохирсон хүүхэд хүмүүжүүлэх аргууд бий гэдгийг мартаж болохгүй. Илүү ихээр хүүхдүүдтэй ярилцаж асуудлыг ойлгуулах, өөрийн хайраа хүүхдүүддээ ойлггуулж ухааруулах, жижиг зүйлс ч ямар их чухал болохыг таниулж мэдүүлэх, их бага гэлтгүй гэрийн ажил хийлгэх зэргээр хүүхдийг зөв хандлагатай зөв хүн болгож өсгөх маш олон арга бий гэдгийг эдгээр аргууд хүүхдийн хүмүүжил цаашлаад хөгжилд эерэгээр нөлөөлж байгааг эрдэмтэн судлаачид олж тогтоосон байдаг.

Хүчирхийллийг удамшуулдаг биш хүчирхийллийг тэвчдэггүй хүн байж хүүхдийнхээ хүмүүжлээр ирээдүйд эерэг нийгмийг бүтээцгээе хүмүүсээ.


                                                                                                       Нийтлэлч: Г.Энхбаясгалан

Бид ч гэсэн хүн

  Бид ч гэсэн хүн   Шадар сайд С.Амарсайханы гэргий нэвтрүүлэгч Ичинхорлоо ХӨСҮТ-д ээж аавыгаа асарна гэж ороод өдөртөө буцаад гарсан ту...